Автомашинаас татгалзаж буй дэлхийн хотууд
2022-12-22 16:39:00
Парис, Франц
Парис хот цар тахлаас ч өмнө явган зорчигчдод ээлтэй хотыг бий болгохоор ажиллаж эхэлсэн бөгөөд цар тахлын нөлөөгөөр илүү алсыг харсан, томоохон өөрчлөлтүүдийг хурдацтайгаар хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, хотын хэмжээнд автомашингүй хэсэг, зөвхөн дугуйтай болон явган зорчигчдод зориулсан замыг ихээр нэмэгдүүлсээр байна. Үүгээр ч зогсохгүй “15 минутын хот” буюу иргэд дэлгүүр орох, хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх, ажилдаа явах гэх мэт өдөр тутмын чухал ажлууд нь 15 минутын дотор л амждаг байх хот төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Мөн түүнчлэн Парис хот 2026 он гэхэд 180 км дугуйн зам, 180,000 ширхэг дугуйн зогсоол болон 170,000 мод тарихаар төлөвлөөд буй. Хотын иргэд гарч буй өөрчлөлтүүдэд тун сэтгэл хангалуун байгаа бөгөөд машины хэрэглээг багасгах нь тэднийг илүү тайван амгалан болгож, гадуур алхах хүслийг нэмэгдүүлж байгаа тухай онцлон хэлсэн байна.
Богота, Колумби
Богота хот нь угаас дугуй унах томоохон соёлтой орон бөгөөд унадаг дугуйн спорт нь Колумбын үндэсний спорт болтлоо хөгжсөн байдаг. Харин цар тахлын нөлөөллөөр тэд илүү машингүй хот болох өөрчлөлтийг эхлүүлжээ. 2020 онд хотын дарга Клаудиа Лопез 550 км дугуйн зам дээрээ 84 км дугуйн зам нэмэлтээр хийж өгсөн нь дэлхийн хамгийн урт дугуйн замуудын нэг болсон юм. Бүх нийтийн амралтын өдрүүд болон долоо хоног бүрийн ням гарагт “Ciclovia” хөтөлбөрт хамрагддаг зарим чиглэлд автомашиныг бүрэн хориглодог бөгөөд энэ нь долоо хоног бүр 1.5 сая гаруй явган зорчигчийг бий болгодог байна. Хотын оршин суугчид Богота улам л аюулгүй, амар тайван, амьдрахад хялбар болсоор байгааг онцолсон юм.
Милан, Итали
2020 оны зун буюу Ковид 19-ийн ид тархалтын үеэр Итали улсын Милан хот нь хотын хамгийн өндөр ачаалал бүхий, автомашины бөглөрөл ихээр үүсдэг 35 км урт замыг явган болон дугуйн замаар өргөтгөх томоохон төслийг эхлүүлжээ. Энэхүү төсөл нь маш хурдан хугацаанд бодит ажил болон хэрэгжсэн бөгөөд Милан хотод томоохон өөрчлөлтүүдийг авчирч чадсан байна. Жишээлбэл, уг замыг дагасан цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, гадаа байгальд сууж хооллох боломжтой ресторанууд, үйлчилгээний байгууллагууд олноор нэмэгдсэн юм. Үүгээр ч зогсохгүй ирээдүйн Милан хотыг харах боломжийг олгохоор зөвхөн Итали улсын бус Европ тивийн хамгийн том автомашингүй хэсэгт тооцогдох “Citylife” дүүргийг шинээр бий болгожээ. Милан нь Парис хотын мөн адил “15 минутын хот”-ийг бий болгохоор зорин ажиллаж байгаа гэнэ. Хотын оршин суугчдын хувьд илүү ногоон, илүү байгальд ээлтэй Милан болж өөрчлөгдөж буйд тун сэтгэл хангалуун байгаа тухай хуваалцсан байна.
Сан Франциско, Америк
Милан, Богота, Паристай харьцуулахад, Сан Франциско хот нь явган зорчигчид бүрэн ээлтэй болон өөрчлөгдөхөд хийх зүйл ихтэй хэдий ч өндөр шилэн барилгад бус амар тайван, эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулж буй хотын нэгт зүй ёсоор тооцогдоно. Калифорни мужийн хойд хэсэгт байрлах энэхүү хот нь цар тахлын эхэн үед автомашины хурдыг хязгаарлаж, хөдөлгөөнийг багасгах зорилгоор “удаан гудамж” хөтөлбөрийг эхлүүлжээ. Хотын 30 хэсэгт энэхүү гудамжийг бий болгосноор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 50%-иар буурснаас гадна ажлын өдрүүдэд явган зорчигч 17%-иар, дугуйтай зорчих хүмүүсийн тоо 65%-иар өссөн байна. Цар тахал намжиж эхэлмэгц удаан гудамжнуудыг бага багаар хэвийн байдал руу нь шилжүүлж эхэлсэн хэдий ч оршин суугчид уг хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэхийг шаардаж байгаа гэнэ. Автомашины хөдөлгөөн ийнхүү багассанаар гэр бүлүүд хамтдаа гадуур алхаж, зугаалж, хүүхдүүд дураараа тайван гүйлдэх нь эрс ихэсдэг бөгөөд энэ нь энгийн хэр нь үнэхээр сайхан мэдрэмжийг төрүүлдэг тухай оршин суугчид дурссан байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.