Энэтхэгийн тагнуул гэх Ч.Мөнхбаярт оноосон 10 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

2022-12-22 16:34:00

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Ч.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ оны зургадугаар сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдаанаар иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.