Нүүрсний хулгайтай холбоотойгоор 53 хүнийг шалгаж байна
2022-12-22 11:39:00
Нүүрсний хулгайтай холбоотойгоор өчигдөр нээлттэй сонсгол явуулсан. Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал оролцож, танилцуулга хийсэн юм.
Прокурорын хяналтад 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 36 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгасан гэдгийг мэдээллээ.
Тэдгээрийн 32-т нь Авлигатай тэмцэх газар, дөрөвт нь Эрүүгийн цагдаагийн алба мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд тавд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. Хэрэг бүртгэлтийн шатанд эдгээрийн 16 хэрэгт 72 хүнийг яллагдагчаар татаж, 8 хэргийг хаасан байна.
Энэ оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 39 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 22 нь хэрэг бүртгэлтийн, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг байна.
Эдгээр хэрэгт нийт 76 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны 73-т нь хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хойшлуулшгүйгээр 15 хүнийг баривчилсан байна. Мөрдөн байцаалт явуулсан 17 хэргээс 23 хүнд холбогдох 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, одоо 53 хүнд холбогдох 13 хэргийг шалгаж байгаа юм байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.