ЭХЭМҮТ: Ураг орчмын шингэн хальслах ажилбарын үед нярайд зурагдах шарх үүссэн байна
2022-12-19 16:53:00
ЭХЭМҮТ-д амаржсан ээж төрөх үед эмчийн буруугаас болж нярай хүүхдийнх нь дагз зүсэгдсэн хэмээн гомдолтой байгаагаа цахим орчинд бичжээ. Энэ асуудалд ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Цолмон тайлбар өгч байна.
Тэрбээр, Энэ ээжийн мэдээллийг цахим орчноос харсан. 2019 оны 11-р сарын 20-нд ЭХЭМҮТ-д амаржсан юм байна. Бид өвчний түүхийг судалж үзлээ. Төрөлт хэвийн явагдсан, хүүхэд эрүүл саруул одоо гурван настай.
Төрөлтийн түүхээс харахад төрөлтийг эрчимжүүлэх зорилгоор ураг орчмын шингэн хальслах ажилбар хийгдсэн бичлэг байна. Ураг орчмын шингэнгүй байсан учир ажилбар хийхэд зурагдах шарх үүссэн байна. Энэ ажилбарыг олон улсад нэг л стандартаар хийдэг. Манай эмч мөн тэр стандартаар ажилласан. Ээжийн бичсэн шиг бритва-гаар зүсээгүй, 1 мл-ийн урттай зориулалтын ариун зүү ашигладаг.
-ЭХЭМҮТ-д өдөрт хэчнээн ээж амаржиж байна вэ. Ураг орчмын шингэн хальслах ажилбартай холбоотой гомдол дахин гарсан уу?
-ЭХЭМҮТ нь 700 орчим ортой, өдөрт 30 орчим эх төрүүлдэг. Манай эмнэлэгт жилд 10 мянга орчим ээж амарждаг. 2022 оны 12-р сарын байдлаар 9000 орчим эх амаржаад байна. 21 аймаг, нийслэлийн хүндрэлтэй ээжүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт 600-700 хүнд үйлчилдэг. Шаардлагатай тохиолдолд ураг орчмын шингэн хальслах ажилбар хийж байгаа. Дахин гомдол гараагүй. Тухайн ээжид харилцааны хувьд эвгүй сэтгэгдэл төрүүлсэнд хамт олныхоо өмнөөс уучлал хүсэж байна гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.