С.Шаарийбуу: Уучлаарай гэдэг үгийг хэлүүлэх гэж л би 17 жил явлаа. Энэ үгийг гурав хоногийн өмнө хэлүүллээ
2022-12-19 13:57:00
Малайзын Шадар сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Шаарийбуугийн Алтантуяа нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2006 онд бусдын гарт амиа алдсан. Энэ сарын 16-нд болсон цахим шүүх хурлаар түүний гэр бүлд таван сая ринггит буюу 1.53 сая сингапур долларын /1.13 сая ам.доллар/ нөхөн төлбөр олгохыг тус улсын Дээд шүүхээс шийдвэрлэсэн юм. Шүүх хуралдаанд амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу болон түүний өмгөөлөгч Б.Баяр нар цахимаар оролцсон бөгөөд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Охиноо амь эрсдэснээс хойш Азийн бар гэдэг малайзуудтай би нүүр тулсан. Ардчилсан хүмүүнлэг шударга зүйл байх гэж анхандаа итгэж байсан. Бодит байдал дээр бохир болгоныг хийдэг байсан. Хуулийг дүрмээр шийддэг, биелүүлдэг байх ёстой. Юуны түрүүнд энэ хэрэг яагаад олон жил болов. Гадныхны ярьдгаар энэ хэрэг үйлдэл дээрээ баригдсан, нотлогдсон баримтаар. Гэвч 2006-2018 он хүртэл эрүүгийн хэргийг шийдэх гэж явлаа.
Охины минь хүү хөгжлийн бэрхшээлтэй байсан. Уйгагүй зүтгэсээр хүүгээ хана түшээд алхдаг болгосон. Хүүгээ бусдын адил гүйдэг болгоно гээд Малайзыг зорьсон. Үнэндээ мөнгөний төлөө явсан. Би жирийн л багш хүн. Социализмын үед хөрөнгө хурааж чадсангүй, хоёр өрөө байр л байсан. Тиймээс охиндоо санхүүгийн хувьд тусалж чадаагүй. Би охиныхоо хэргийг илрүүлэх гэж арай л өөрийгөө ломбардсангүй. Өнөөдөр өнчирсөн хэдэн хүүхэд, навсайсан нэг амьдрал л үлдлээ дээ. Уучлаарай гэдэг үгийг хэлүүлэх гэж л би 17 жил явлаа. Энэ үгийг гурав хоногийн өмнө хэлүүллээ. Мөн ч их хүлээсэн дээ. Цаашид би шударга бусын төлөө хүчтэй шүгэл үлээгч байна. Та бүхэн нөхөн олговрын тэр хэдэн төгрөгт, тоонд битгий анхаарлаа хандуулаарай. Би үүнд огт баярлахгүй байгаа. Хүнд үр шиг нь үнэ цэнтэй зүйл байдаггүй юм.
Охины минь төлөө тэмцэж байсан Малайз хүн өнөөдөр тус улсын Ерөнхий сайд болсон. Тогтолцоог өөрчилж болдог юм байна” гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.