Б.Ган-Очир: 2021 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ҮАБЗ-ийн шийдвэрээр нууцад хамруулсан нүүрсний гэрээний эх хувийг үзмээр байна
2022-12-14 15:49:00
АН-ын дэд дарга Б.Ган-Очир цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Эрх баригч нам нүүрсний хулгайн асуудал дээр байж болох бүхий л муу муухай аргаа хэрэглэж байна. Буруу бүхнийг хэн нэгэн рүү чихэхгүйгээр тухайн асуудлын үнэнийг олно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын даргад гурван саналтай албан бичиг хүргүүлнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та 2017-2021 оны хооронд ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж төрийн нууцад хамааруулахаар шийдвэрлэсэн нүүрсний гэрээнүүдийн талаарх хурлын тэмдэглэлийг өгөөч. Хэн нь юу гэж яаж ярьсан гэдгийг бид мэдмээр байна. Мөн энэ хугацаанд төрийн нууцад хамааруулсан нүүрсний гэрээний жагсаалт, эх хувийг нь үзмээр байна.
2021 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ҮАБЗ-ийн шийдвэрээр төрийн нууцад хамруулсан гэрээний эх хувийг бас үзмээр байна. ҮАБЗ нь ажлаа УИХ-ын өмнө тайлагнадаг.
Монгол Улсын 4-5 жилийн төсөвтэй тэнцэхүйц хөрөнгийг хулгайлсан гэх асуудал чамгүй хугацаа өнгөрч, гадаа хүмүүс байсаар байтал УИХ, ҮАБЗ-ийн гишүүд зүгээр хараад сууж болохгүй. Хуульд заасан эрх хүрээний хүрээнд тодорхой арга хэмжээг аваач. Нэгнийгээ цахим орчинд гүтгүүлмээргүй байна. Бураатай хүмүүсийг нь шийтгэмээр байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдийг төөрөлдүүлж байна. Монголоос тээвэрлэсэн нүүрс БНХАУ-д очоод, тэдний талтай тохироод, тэр мөнгө нь Монгол руу эсвэл оффшор данс руу ороод байгаа асуудлыг нэг мөргөцөг болгож, жижиг Тавантолгой руу аваачиж байгаа. Орон нутгийн иргэдийн өмчтэй Тавантолгойг МАН булааж авах ч гэж байгаа юм билүү?
Бүх зүйлийн буруутан Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн боллоо. АН-аас сонгогдсон А.Адъяасүрэн гишүүнийг харлуулж байна. Намын улс төрийн зөвлөл өмөөрөх ёстой. 2020 онд АН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо хариуд нүүрсний тээвэр хийдэг байсан бүх бизнесээ МАН-д хураалгасан.
Нүүрсний хулгайн хэргийн жинхэнэ эзэн гэхээр 2012 оноос хойших Засгийн газрын бүрэлдэхүүн учраас тэд өөрсдийнхөө нэрийг бичиж өгөх хэрэгтэй болоод байна. Ийм асуудал бид бүхэнд тулгараад байна" гэлээ.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.