Энэ сарын 21-нд нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулна
2022-12-08 10:32:00
Өчигдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг арванхоёрдугаар сарын 21-ний 10:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Ерөнхий хяналтын сонсголыг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээнүүдийн талаар, 2020-2022 онд улсын хэмжээнд коксжих нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд, олборлолтын хэмжээ, коксжих нүүрс тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн олсон орлого, Монгол Улсын боомт тус бүрээр экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсох шаардлагатай гэжээ.
Түүнчлэн коксжих нүүрсний олон улсын зах зээл дээрх болон БНХАУ-ын үнэ болон Монгол Улсын экспортлох өртөг хоорондын хэт их зөрүүний учир шалтгааныг тодорхой сонсож, энэхүү зөрүү мөнгө нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг эсэх; “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэр хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар хэмжээний өртгөөр барьж байгуулсан тухай зэрэг асуудлын хүрээнд 2022 оны арван хоёрдугаар сард багтаан ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.