18 нэр төрлийн антибиотик болон эм тасалдах эрсдэлтэй байна гэв

2021-11-04 12:06:00

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

БНХАУ-тай хиллэдэг боомтууд хаагдсантай холбогдолтой эм, эмнэлгийн хэрэгслийн хомстол үүсэх эрсдэл үүсээд байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авч буй талаар ЭЭХХЗГ-ын дарга Б.Цэцэгсайхан, Чанар, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд дарга Д.Уранзаяа, Эм хангамжийн газрын дарга Г.Цэцэнсанаа, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын дарга П.Буяндэлгэр, Эм хангамжийн газрын ахлах мэргэжилтэн Э.Буяндэлгэр нар мэдээлэл хийлээ.

ЭЭХХЗГ-ын дарга Б.Цэцэгсайхан “Манай улсад тарилгын шингэн үйлдвэрлэдэг “Энхийн шүүдэр”, “Айвико” компаниуд нь энэ хүнд хэцүү цаг үед үйл ажиллагаагаа тасалдуулалгүй хэвийн явуулж байна. Тус үйлдвэрүүд тарилгын шингэний сав, баглаа боодлыг импортоор авдаг. Гэтэл БНХАУ-ын хил гааль хаагдсантай холбоотойгоор тэдгээр түүхий эд, сав баглаа боодлыг авч чадахгүй, бараа материалын хангалтад саатал үүссэн. Энэ асуудлыг Засгийн газраас яаралтай шийдэж, 11 дүгээр сарын 5-ны өдөр онгоцоор тээвэрлэн авах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасалдал үүсэхгүй байх нөхцөл бүрдэх юм” гэлээ.

Мөн дотоодын хэрэгцээний тариурын 10 хувийг хангадаг “Монэнзим мед” үйлдвэр түүхий эдийнхээ 90 хувийг импортоор авдаг. Тиймээс тус үйлдвэрийн бараа, материалыг 11 дүгээр сарын 8-ны өдөр БНСУ-аас онгоцоор тээвэрлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Түүнээс гадна бусад газраас тариуруудыг яаралтайгаар тээвэрлэн авах ажлыг дэс дараатай зохион байгуулна” хэмээн нэмж хэлсэн.

Өнөөдрийн байдлаар манай улсад 1.2 сая ширхэг тариур чингэлгээр ирж байгаа юм. Мөн 400 мянга орчим тариур өчигдөр буюу 11 дүгээр сарын 3-нд агаараар иржээ. Ингэснээр тариурын хомстол үүсэх эрсдэл тодорхой хэмжээгээр буурч байгааг албаныхан онцоллоо. Түүнчлэн 18 нэр төрлийн антибиотик болон зарим эмүүд тасалдах эрсдэлтэй байна. Эдгээр асуудлыг 11 дүгээр сарын 8, 10-ны өдрүүдэд онгоцоор татан авах зохицуулалтыг хийж байна.

Түүнээс гадна цар тахалтай холбоотой эмүүдийг татан авах ажлыг “МИАТ” ТӨХК-тай хамтран яаралтай тээвэрлүүлэх ажлыг хэрэгжүүлэхээс гадна хил, гаальд гацсан эм, тариаг шуурхай татан авах асуудлаар ажиллаж байгаа тухай мэдээлэл өглөө.

”COVID-19”-ийн халдварын үеийн эмчилгээнд хэрэглэгддэг эмүүдийн эрэлт ихэссэнтэй холбоотойгоор үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, эмийн нөөцийг бүрдүүлж, тасалдах эрсдэлээс сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Мөн эмнэлгүүд цар тахлын үед нэн хүнд өвчтөнд хэрэглэх хамгийн сүүлийн үеийн эмчилгээний стандартыг ашиглаж, ДЭМБ-ын заавар зөвлөмжийн дагуу ажиллаж байгааг дурдаад эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тасалдал үүсэх эрсдэлд хяналт тавьж, үүсч буй асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа тухай холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.