АТГ-аас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илт үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд мэдээлсэн гэв

2025-09-26 11:19:00

Өчигдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн. Энэ үеэрээ Авлигатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулаад та нар Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн. ЕНБД-д хэлсний дараа Авлигатай тэмцэх газар бүх зүйлээ устгасан, зогсоосон гэж мэдэгдсэн. 

Тэгвэл өнөө өглөө АТГ-аас мэдэгдэл гаргаж,  улс төрийн намын дотоод асуудал, сонгуультай холбогдуулан тодорхой зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа хийх талаар үүрэг чиглэл өгөөгүй гэв. 

Уг мэдэгдэлд "Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ "...Өчигдөр орой 19.30 минутад Авлигатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулаад та нар Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн. Энэ тухай намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт хэлсэн. Түүний дараагаар Авлигатай тэмцэх газар бүх зүйлээ устгасан, зогсоосон" гэх утгатай илт үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд мэдэгдлээ.

Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т "Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно" гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын даргын дээрх мэдэгдэл нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хэмээн үзэж байна.

Авлигатай тэмцэх газрын удирдлага нь албан хаагчиддаа улс төрийн намын дотоод асуудал, сонгуультай холбогдуулан тодорхой зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа хийх талаар үүрэг чиглэл өгөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан хууль дээдлэх, хараат бус, ил тод байх зарчмыг чанд баримтлан ажилладаг бөгөөд бие даасан төрийн тусгай байгууллагыг улс төрийн намын дотоод асуудалдаа хамаатуулж татан оролцуулах санаархал, Эрүүгийн хуульд заасан харьяаллын гэмт хэргийг шалгаж буй ажиллагааг улстөржүүлэх үйлдлээ зогсоохыг Та бүхнээс хүсье" гэжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.