Squid game: Хүн байна гэдэг нь

2025-07-02 23:54:00

Миний хувьд Squid game бол нэгдүгээр бүлгээсээ гуравдугаар бүлэг хүртэл “Human dignity” буюу хүний эрхэм чанарын тухай асуулт асуусан, дуусах хүртлээ тэр агуулгаа барьсан хүний эрхийн мэдрэмжийг эрэн хайсан цуврал байлаа гэж ерөнхийд нь дүгнэлээ. 

 Энд нэг, хоёрдугаар улирлын эхлүүлсэн дүр болоод үндэсний хэв шинжээ харуулсан тоглоомнууд цус асгарсан яргалал дэлгэцнээ харуулсан тэр аймар хүчирхийлэл агуулсан дүрслэлийг хасаад  зөвхөн гуравдугаар улирлын тухай ярилцъя. Учир нь ердөө ганцхан дүр л гурван улирлын турш маш сайн хөгжиж төгсгөлийг ч маш сайн хийлээ. 

Гол дүр Ги Хүн эхний улиралд үнэхээр мөнгө хэрэгтэй амьдрал алдаж оносон ч томоожоогүй хэвээр гялс мөнгө олчих хүсэлтэй нэгэн байсан. Эхний удаа тоглоомд орсон учир эхлээд бусдын адил айсан, мөнгөнд шунасан, амьд үлдэхийн төлөө тэмцсэн. Энэ бол угаас яг  л хүний төрөлх инстикт. Чамд юу дутуу байна чи түүний араас бүхнээ зориулна. 

Хоёрдугаар улиралд тэр амьдралыг сайн муутай нь үзчихсэн нүднийх нь өмнө хэдэн зуун хүн үхчихсэн үндсэндээ тэр тэднийг л алж мөнгөтэй болсон учир гэмших, өөртөө гутрах сэтгэлээр дахин тоглоомд орсон. 

Энэ үедээ тэр яг л амьдрал дээрх гэгээнтэн багш нар шиг сургааль айлдаж зөв замруу хөтлөх гэж оролдсон ч өнөөх л хүний мөнхийн дагуул шунал хүсэл, атаа жөтөө, хүнлэг бус шинжүүдэд ялагддаг. 

Харин гуравдугаар улиралд тэр цөхөрч гүйцсэн байв. Түүний тэр төрх хангалттай хичээж зүтгээд  амьдралын хатуу ширүүнд бөхийсөн бидний дундах нэгэн төлөөлөл байв. Харин түүнд хүч өгсөн ганц зүйл бол тоглогч 222 дугаарын нялх хүүхэд байв. 

Амьдрал яг үүн шиг. Хүүхэд яг л бидэнд тэгж хүч өгч, тэгж урам зориг өгдөг. Гэтэл бид хүүхдэд яаж ханддаг тухай кинонд маш тод томруун харуулж байна билээ. 

Бид хүүхдийн санаа бодлыг сонсохгүй, хүүхдэд өөрийнхөө хүссэнээ тулгаж тэдний яг л үргэлж сул дорой, хүчгүй гэж өөртөө болон тэдэнд ч итгүүлдэг нь ичих ёстой үнэн шүү. 

Хэдий бид хүүхэддээ хайртай ч тэднийг хувь хүн гэдгийг нь мартчихдаг нь маргашгүй. Энэ цувралын хүүхдийн эрх болоод томчууд бид хүүхдийг хэрхэн хардаг вэ гэдгийг харуулж буй өгүүлэмжүүд бол энэ цувралын хамгийн Highlight нь. 

Бас дараагийн нэг зүйл бол Трансжендер эмэгтэй. Тэр дүр хоёрдугаар улирал эхлэхээс л хайр асгарсан дүр байв. Нөгөө бидний төсөөлдөг трансжендер гэх нийгмийн дүрийг эрс өөрчлөв. Ер нь хүн бүр трансжендер хүмүүсийг ойлгож хүлээн зөвшөөрөх албагүй ч зүгээр л хүн гэж үзэж  бусдад буруугаар ойлгуулах санаатай үйлдлийг хийхгүй байх ёстой юм. 

Тэр бол трансжендер гэх нэр зүүсгэлээ аваад хаячихвал яг л хүний эрхэм чанартай ХҮН байв. 

Хүн зүгээр яг тийм л байвал хүний хайрыг татдаг, хүний итгэлийг хүлээдэг. Бусдад хүндлэгддэг. Бусдаар хайрлуулдаг юм байна гэж бодогдсон. Тэр зүгээр ҮНЭН байв. 

Гуравдугаар улирлын хүний эрхэм чанарын тухай чанга дуугарчээ гэдгийн бас нэгэн учир бол  бүлэг бүлгийн хүмүүсийг харуулж байв. 

Эмзэг дорой өөрийгөө хамгаалах чадваргүй өлгийтэй хүүхэд, уяхан турьхан жирэмсэн эмэгтэй, ядарч туйлдсан эрхлүүлж өсгөсөн ганц хүүгээ мөнхөд дагах настай эмгэн, хүний өөдөөс зоригтой үг хэлж чаддаггүй бусдад үргэлж дээрэлхүүлж байдаг зориггүй нэгэн, хар тамхинд донтогч, дутуугийн комплекстэй нэгэн, үргэлж бусдын анхаарлын төвд байх дуртай нэгэн гээд нийгэмд дээр амьдарч буй дүр бүхнийг харуулав. Нээрээ л энэ бүхэн нийлээд ХҮН. 

Ямарч байсан ч бид нэгэндээ хүн ёсоор ханддаггүй аж. Ямар нэгэн эрх ашиг, ямар нэгэн эрх мэдэл мөнгөний төлөөх тулааныг үргэлж хийнэ. Эцэст нь тэр тулаан эцэг үр хоёрын дунд ч өрнөв. Хүн чанарын тулаан эх үр хоёрын дунд ч өрнөв. 

Ардчилсан санал хураалт авч, хүүхдийн тоглоом тоглуулж, бүх зүйлсийг амархнаар, өөрсдийнх нь хүслээр хийгээд байгаа мэт боловч үнэн хэрэгтээ “Хүн” гэдэг адгуус амьтны шинж дээр тоглолт хийсэн маш муухай тоглоом гэдгийг гурван улирлын турш үзсэн үзэгчид мэдэх буй биз ээ. 

Нээрээ л бид өнөөдөр яг ингэж амьдарч байна. Өнөөдөр ардчилсан монгол улсад хүссэнээрээ амьдраад байгаа мэт боловч кино дээрх VIP нар шиг хэсэг бүлгийн эрхшээлд хүссэн бүхнийг хийж амьдарч байгаа нь үнэн. 

Яг энэ мөчид бид морь биш бид бол ХҮН гэж хашгирмаар байна. 

Хүн гэдэг мах болгож идэж,  зэвсэг хэрэглэдэг болж амьтанлаг шинжээсээ холдож нийгэмшиж ирсэн тэр төрөл зүйлээсээ хойш атаа хорсолтой, хорон муу санаатай,  бодож сэтгэх нь хөгжихийн хэрээр хүний ёсноос гажуудыг хийдэг болжээ. Хайрладаг, уйлдаг, шархалдаг, өрөвддөг сэтгэл зүрхтэй хүн гэдгээ мартахад ШУНАЛ ХҮСЭЛ л хамгийн их нөлөөлж байх шиг… 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.