Хөшигийн хөндийд 150 мянган хүн суурьших хотын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ
2022-02-11 11:20:00
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэл, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, банк санхүү, Их дээд сургуулийн цогцолбор, аялал жуулчлал, тээвэр ложистикийн төв бүхий шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг өчигдөр хуралджээ.
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхтэй холбоотойгоор зам, дэд бүтэц, дулаан эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр бохир усны хангамж, үерийн ус зайлуулах далан суваг, хог хаягдлын менежментийн асуудлыг цогцоор нь шат дараатай шийдвэрлэх талаарх ажлын төлөвлөгөөгөө Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулсан байна.
Шадар сайд С.Амарсайхан “Хөшигийн хөндийн 150 мянган хүн ам төвлөрөн суурьших хотын бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байгаатай холбогдуулан та бид төлөвлөгөөгөө улам нарийвчлан гаргаж, гүйцэтгэлийг хангуулан ажиллах шаардлагатай. Мөн хот байгуулалт, чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан олон улсын туршлагатай, дотоод гадаадын мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангаж ажиллах нь чухал.
Цаашдаа өсөн нэмэгдэх ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тооцон авто зам, төмөр зам, нийтийн тээврийн LRT зэрэг шийдлүүдийн төлөвлөлтийг зураг төсөлтэйгээ уялдуулж, хот төлөвлөлтийг хийхэд анхаарах нь зүйтэй" гэв.
Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.