“Алтан өд- 2021” наадам шилдгүүдээ шалгарууллаа
2022-01-28 17:53:00

Монголын зохиолчдын эвлэлээс санаачлан утга зохиолын төрөл зүйлүүдийг тэгш хөгжүүлэх зорилгоор оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2021” наадам амжилттай зохион байгуулагдаж шилдэг бүтээлүүдээ шалгарууллаа.
2001 оноос хойш 20 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй тус наадам нь Жүжиг кино зохиол, Яруу найраг, Утга зохиолын судлал, шинжлэл, Утга зохиолын орчуулга, Баримтат шог хошин зохиол, Хүүрнэл зохиол романы төрөл, Хүүрнэл зохиол өгүүллэг тууж, Хүүхдийн зохиол гэсэн нийт найман төрөлд шилдэг бүтээлүүдээ шалгаруулсан юм.
"Алтан өд- 2021" наадмын шилдэг бүтээлүүд:
- Жүжиг, киноны зохиолд төрөлд: П.Батхуяг "Чулуун бөмбөрийн нүргээн"
- Яруу найргийн төрөлд: Ц.Дэлгэрмаа "Зүрхэнд агч Намур"
- Орчуулгын төрөлд: Б.Гэрлээ "Эзэнтний намар
- Утга зохиолын судлал, шинжлэл төрөлд: Д.Батсайхан "Театрын түүх"
- Баримтат, шог хошин зохиолын төрөлд: Д.Шагдарсүрэн "Монголын шилдэг нийтлэл" цувралын 87-р боть
- Хүүрнэл зохиол, романы төрөлд: Н.Бадамжав "Модон сахалт"
- Хүүрнэл зохиол, өгүүллэг тууж төрөлд: Б.Догмид "Бүргэд тэнгэрт хальдаг"
- Хүүхдийн зохиол: Б.Ганчимэг "Аз жаргалын байшин" нарын бүтээлүүд шалгарлаа.
"Алтан өд 2021" шагналын эзэн Д.Шагдарсүрэн:
Анх удаагаа "Алтан өд 2021" наадамд оролцож баримтат, шог хошин зохиолын төрлөөр шилдгээр шалгарсандаа баяртай байна. 1980-аад оноос хойш бичиж нийтлүүлсэн бичвэрүүдээсээ шигшиж нэг боть болгон "Монголын шилдэг нийтлэл" цувралын 87-р боть бүтээлээрээ оролцсон. “Монголын шилдэг нийтлэл” цуврал 87 ботио 1980-аад оноос бичиж хэвлүүлсэн байгаль орчин, нийгэм, аж амьдралын сэдэвтэй өгүүлэл, тэмдэглэл, сурвалжлага, ярилцлагын шигшмэл бүтээл. Энэ номоос сайн нөхдийнхөө тухай “Миний өндөр хээр“, “Номын хүдэг” байгаль хамгааллын сэдвээр “Хилэгнэсэн лусын сүүлчийн харуул”, “Алтан уулын алсын заяа, ард олны амин санаа” зэрэг эмзэглэл, “Сэрүүн тунгалаг Утайн орноор”, “Мэргэдийн ухааны жимээр” зэрэг сонирхолтой тэмдэглэлийг уншиж болно.
"Алтан өд 2021" шагналын эзэн Д.Батсайхан:
Монголын утга зохиолын ертөнц тэр аяараа өнөөдрийн энэ үйл явдлыг амьсгаа даран чагнаж суудаг. Ингээд оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмаас хоёр дахь удаагаа шагнал хүртэж байна. Нэг дэх удаагийн шагналаа 2018 онд авч байсан ба утга зохиол, шүүмж судлалын төрөлд харин энэ удаад Утга зохиолын судлал, шинжлэл төрөлд "Театрын түүх" бүтээлээрээ нэр дэвшсэн байгаа. "Театрын түүх "номын маань тухайд олон нийтэд зориулагдсан ялангуяа театрын урлагт дуртай, театрын урлагийг сонирхдог эдгээр хүмүүст зориулан бичсэн ном байгаа. Номын тухайд гэвэл театрын тухай, театрын түүх хэзээ байгуулагдсан, ямар үе шатуудыг давж гарч байсан, үе үеийн уран бүтээлч тэдгээрийн төлөөлөл, түүхийг номондоо оруулсан байгаа.
"Алтан өд 2021" шагналын эзэн Ц. Дэлгэрмаа:
"Алтан өд 2021" яруу найргийн төрөлд "Зүрхэнд агч Намур" гэсэн яруу найргийн төрлөөрөө оролцсон. Тус наадамд анх удаа оролцож шагнал авсандаа маш их баяртай байна. Уран бүтээлч хүн шагнал гэдэг нь цаашаа хийж бүтээх урмыг илүү өгдөг. Улам олон сайхан номнууд бичмээр санагдаж байна. Өнгөрсөн намар "Зүрхэнд агч Намур" гэх энэ номоо гаргасан бөгөөд энэ номоо миний амьдралын онцгой чухал үеэ туулсны дараа бичсэн учир магадгүй бусад номуудаас цогц байдлаараа ч юмуу ялгарсан юм болов уу гэж бодож байна. Шүлэг анх туурвиад 10 гаруй жил болж байна. Хүүхдийн зохиол сүүлийн хоёр жил бичиж байгаа. Хүүхдийн зохиол дундаас үлгэр хүүхдийн сэтгэн бодох, дүрслэх чадваруудыг илүү дээшлүүлж өгч тухайн улсын соёл, зан заншил, түүхийн олон мэдлэгийг олгох зэрэг олон давуу талтай. Мон ном аппликейшнд олон орны үлгэрүүд бас орсон байсан. Тэгээд эцэг, эхчүүд бяцхан хүүхдүүддээ үлгэр сонсгож дүрслэх чадваруудыг нь илүү дээшлүүлж өгч байгаасай гэж бас давхар хэлмээр байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.