Тавантолгой-Зүүнбаян төмөр замын тээврийг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

2022-01-28 10:44:00

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК, "Зүүнбаян төмөр зам" ХХК-иудад ажиллаж, тухайн компаниудын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын үүрэг, чиглэл өглөө.

Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батнасан “Утсан харилцаагаар галт тэрэг аялуулах төлөвлөгөөний биелэлт, баруун, зүүн босоо төмөр замын төсөл”-ийн талаар танилцуулсан байна.

“Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын шинэ бүтээн байгуулалт хийгээд төмөр замын үндэсний сүлжээг хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй субьект. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн удирдагч, захиалагчаар ажиллаж, харьцангуй хямд өртгөөр барьж гуравдугаар сарын 15-наас зүгшрүүлэлтийн тээврийг эхлүүлэх гэж байна хэмээн тэрээр мэдээллээ. Цаашлаад төмөр зам барьж байгуулах хүчин чадал бүхий машин механизм, мэргэжлийн боловсон хүчин бүхий төмөр замын зам, барилгын механикжсан ангитай болж дараа, дараагийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх бааз сууриа бүрдүүлж чадсан гэв.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг нэгдүгээр сард ЗТХЯ-наас техникийн комисс гарч шалган, замын чанарыг өндөр түвшинд гүйцэтгэлээ гэж дүгнэжээ. 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс утсан харилцаагаар галт тэрэгний хөдөлгөөн нээж төлөвлөгөөний биелэлтийг хариуцлагатайгаар ханган ажиллах ёстойг сануулъя гэж ЗТХ-ийн сайд Л.Халтар хэлэв.

Түүнчлэн 2022 оны долдугаар сарын 1 гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах ёстой. Түүнээс өмнө тээврийн тариф, ажиллах хүчийг бэлтгэх чиглэлээр төмөр замын салбарын зөвлөхүүдтэй нягт хамтран ажиллан төлөвлөгөөгөө, хоёрдугаар сард багтаан яаманд танилцуулна гэж салбарын сайд ньмэдээллээ. Гашуунсухайт боомтын ойролцоо байгуулах ачиж буулгах терминалын техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 оны нэгдүгээр улиралд дуусгах, Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын цэгийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн ханган мөн оны тавдугаар сарын 1-нд эхлүүлэхийг үүрэг болголоо.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссоны дараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг 2022 оны есдүгээр сард бүрэн дуусахын зэрэгцээ байгалийн хүчин зүйл, мал амьтны хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалахыг нэн тэргүүнд анхаарах ёстой. Энэ чиглэлд “Улаанбаатар төмөр зам” ХНН, орон нутгийн холбогдох газруудтай хамтран ажиллах  шаардлагатай талаар чиглэл өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.