Монгол Улс БНХАУ аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд онцлох улсаар оролцоно 

2025-01-07 16:35:00

 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Сүн Елитэй уулзлаа.

Ингэснээр аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2025 онд Монгол Улсыг БНХАУ аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд онцлох улсаар тодруулан оролцуулахаар болсон юм. 

Тодруулбал, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хятадын алдартай нөлөөлөгчдийг Монгол Улсад аялахыг урих, БНХАУ-д зохиогддог аялал жуулчлалын “China International Travel Mart”, “China Outbound Travel & Tourism Market” үзэсгэлэнд Монгол Улсыг албан ёсны түнш улсаар оролцож, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахаар болсон байна. 

Мөн  хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, соёлын өвийг хамгаалах чиглэлээр 2011 онд байгуулсан “Соёлын өвийг хууль бусаар хил давуулах, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдах явдлаас сэргийлэх тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, соёлын өвийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо.

Үүнээс гадна  дэлхийн өвийг хамгаалах хамтын ажиллагааг эрчимжүүлж, “Цайны зам”-ын дагуух соёлын өвийг Монгол, ОХУ, БНХАУ-ын нэр дээр бүртгүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болжээ. 

Уулзалтын төгсгөлд сайд Ч.Номин Үндэсний урлагийн их театрын барилгын бүтээн байгуулалт амжилттай урагшилж буйг дурдаад, БНХАУ-ын үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийллээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.