ОХИДЫН ӨДӨРТ: Бүү ай
2023-10-11 16:06:00
Хайрын хэлхээс, эв эеийн холбоо, энхрий нялхамсуу охид минь эвий.
Сүүлийн нэг сарын хугацаанд л гэхэд бид хэчнээн нандин эрдэнэсүүддээ муу муухайн сүүдэр хүргэж, хэчнээн ээжийн нулимсыг үзэв ээ. Хамгийн харамсмаар нь эдгээр муу муухай мэдээ нийгмийг цочроож, хэсэг шуугиулж, хор хутгагчдын өнгөлөн далдлалт болчхоод мартагдана. Тэгээд түүнээс хойш дараагийн шуугиан гарах хүртэл бид охидоо нандигн хамгаалахаа мартчихдаг.
Өнөөдөр охидын эрхийг хамгаалах өдөр. Эрхийг хамгаалах гэдэг албан нэрийн дор охидод тулгарч буй хэцүү асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх тухай энд тэнд хурал цуглаанд томчууд хэлэлцээд өнгөрч байна. Энэ нь тийм ч үр дүнтэй биш.
Ядахдаа нэг Ерөнхий боловсролын сургууль эмч, сэтгэлзүйчтэй хамт охидын асуудлаар хэлэлцүүлэг хийсэн мэдээ харагдаж байна уу? Сургууль дээр биесээ гадаад үзэмж, биеийн онцлогоор гадуурхахгүй байх тухай яриа өрнөж байна уу? Бүр охидод өөрсдийнх нь боловсролд хувь хүний төлөвшилд нөлөөлөхүйц арга хэмжээ байна уу гэдэгт анхаарлаа хандуулах цаг болсон. Эдгээрийг төрийн ордонд биш, элдэв холбоо, төрийн бус байгууллагад биш, сургууль цэцэрлэгээс эхэлмээр байна.
Гаслантай нь бид охид ариун бол төр ариун, эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино, гангар шаазан шиг хэврэг эмзэг гэх мэт үгсээр охидын зүрх сэтгэлийг мохоож, айдаст автуулсаар л байгаа. Бараг ийм сүржин албаны хэлээр ярьж, эрх хамгаалах тухай хурал цуглаан хийснээс бид ярьж хэлж байгаа энгийн өгүүлбэртээ л анхаарч эхэлбэл ирээдүйд энэ өдөр улам илүү соёлт өдөр болон тогтох биз.
Гэхдээ энэ нийтлэлээр томчуудаас охидыг хамгаалах хууль эрх зүй, соёлт нийгмийг шаардахаас илүүтэй охид минь өөрсдөө илүү хүчтэй, илүү мэдлэгтэй, илүү алсыг боддог, сэтгэлийн дархлаатай байгаасай гэж хүслээ.
Охид минь өөрсдөө бусдын замыг гэрэлтүүлэн чиглүүлэгч нэгэн болоорой. Дахиад өөр шигээ хүчирхэг нэгнийг бэлтгэх чадварлаг ээж байгаарай. Чиний төрүүлсэн охид, хөвгүүд эх орондоо хэрэгтэй, харцандаа гуниггүй, алсыг зорьж харь иргэн болж амьдрах мөрөөдөлтэй биш эрдэм өвөртлөөд буцаж ирдэг, элгэн садан эх орноосоо дөлдөг биш төрөлх монголдоо тайван амьдарч болох хүнлэг нийгэм болтол охид минь хичээгээрэй.
Гэрэлт ертөнцөд бүсгүй заяаг олж төрсөн энхрий ялдам, гоо үзэсгэлэнт охид минь мэлмий тань тунгалаг, оюун ухаан төгөлдөр байг. Өөрсдийн бүтээлцсэн хүнлэг, шударга, эрүүл нийгэмдээ айдасгүй амьдраарай.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.