Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал зургаа дахь удаагаа хойшиллоо
2021-12-20 13:49:00
Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болохоор товлогдсон. Гэвч шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхардсан талаар баримт ирүүлсэн тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.
Харин шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцсэн байна.
Ингээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээж аван хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн юм. Үүнээс хойш анхан шатны шүүх хурал зургаа дахь удаагаа хойшлогдож байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.