Лос Анжелес дахь Монгол хүүхдүүд далайн эргийн хогийг цэвэрлэжээ
2023-08-01 15:26:00
АНУ-ын Лос Анжелес хотын ахлах сургуульд суралцдаг Монгол хүүхдүүд өөрсдийн санаачлагаар Номхон далайн баруун эргийн аялал, амралт зугаалгын бүсийг 3 долоо хоногийн турш Бямба гараг бүрт цэвэрлэжээ. Далайн эрэг дээр амарч, чөлөөт цагаа өнгөрөөсөн зарим иргэд орчноо цэвэрлэлгүй үлдээснээр салхи, далайн түрлэгээр дамжин их хэмжээний хог хаягдал далайн ус руу орж бохирдол үүсгэн, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг.
Жилд дунджаар 380 орчим сая тонн хог, хаягдал далайд хаягдаж, тэдгээр хаягдлаар далайн амьтад хооллон эргээд байгаль экологи, бидний хүнсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулдаг байна.
Далайн эрэг дагуу хамгийн их хуримтлагддаг хог хаягдалд хуванцар сав, гялгар уут зэрэг багтах бөгөөд эдгээрээс болж жил бүр 1000 орчим төрөл зүйлийн 150,000 орчим далайн амьтад харамсалтайгаар үхэж үрэгддэг тухай Далайн амьтдыг хамгаалах дэлхийн сан судалгаандаа дурдсан байдаг.
Харин АНУ-д амьдарч буй Монгол хүүхдүүд энэ бүхнийг соргогоор анзаарч, суугаа хотынхоо ойр орших далайн эргийг цэвэрлэн сайн дурын ажил хийж, байгаль эх дэлхийгээ аврах чухал үйлст хувь нэмрээ оруулжээ. Тэднийг далайн эрэг цэвэрлээд явж байхад зөрөөд өнгөрсөн бараг хүн бүр баярлалаа гэдэг үгийг хэлж байсан хэмээн тэд урам зориг дүүрэн өгүүлсэн юм.
Үйлдлээрээ үлгэр дуурайлал үзүүлсэн тэдний энэ ажлыг Лос Анжелес хотын захиргаа баяртайгаар дэмжиж, оролцсон хүүхэд тус бүрт талархлын бичиг гардуулжээ. Мөн энэ чиглэлээр хийгдэж буй аливаа төсөлд эрхзүйн туслалцаа үзүүлэх, цаашид хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж буй бидэнд Монгол хүүхдүүдийн нэгдэл маш том дэмжлэг үзүүллээ хэмээн тусгайлан захидал илгээсэн байна. Лос Анжелес дахь монгол хүүхдүүд, тэдний эцэг эхийн санаачлагаар хийгдсэн энэхүү сайн дурын ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.