БОАЖЯ-ны газрын дарга Ч.Батсансар нарын 13 хүний хахууль өгч гянтболд хилээр гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2021-12-03 12:44:00
Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн хэрэгт холбогдсон 30 хүний гэм буруутай, эсэхийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх арваннэгдүгээр сарын 15-наас хойш ажлын 13 өдөр хэлэлцсэний эцэст 17 хүнийг гэм буруутайд тооцлоо.
Хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх хэрэгт УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Ч.Батсансар, “Өгөөжтэй өв” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Нуурын Чинбаа” гэх хочтой С.Чинбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан Ц.Ганболд, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов тэргүүтэй 30 хүнийг буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч, 14-15 удаа хурлыг нь товлосон ч хойшлуулсаар байв.
Өнгөрсөн сарын 15-нд шүүх хурал эхлэхийн өмнө дээрх 30 хүний зарим нь, мөн тэдний өмгөөлөгч нар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ хэлэлцүүлэхгүй хэмээн татгалзсан ч тус шүүхийн нийт шүүгч зөвлөлдөөд тэдний татгалзал үндэслэлгүй хэмээн хурлыг үргэлжлүүлсэн юм.
Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай нутгийн Цагаан эрэг гэх газраас хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан гэх хэрэгт холбогдсон дээрх 30 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсгийн “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, түүнд элссэн”, 22.4, 22.5-д заасан “хээл хахууль авсан, өгсөн”, 24.2-1-ийн “Хууль бусаар ашигт малтмал хайж, ашиглаж, олборлосон”, 18.6-3 хэсгийн “мөнгө угаасан”, 21.10-1-т заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа, Г.Золбоо, М.Далайхүү, НПГ-ын хяналтын прокурор Б.Бямбадагва, Б.Энхбат, Х.Онолт, шүүгдэгч 30, тэдний өмгөөлөгч 40, гэрч, шинжээч, орчуулагч нийлсэн зургаан хүнийг оролцуулан хэлэлцсэн хурлаас энэ сарын 1-ний үдэш хэрэгт холбогдсон хүмүүсийг 13-ынх нь үйлдлийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 17-г нь гэм буруутайд тооцсон юм. Түүгээр ч зогсохгүй, гэмт бүлэглэл байгуулсан, түүнд элссэн гэх хэргийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Харин гэм буруутайд тооцогдсон 17 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хурал өчигдөр болж, тэдний эцсийн тайлбарыг сонссон бөгөөд 16.10 цагийн үед шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлсэн юм. Өчигдөр орой шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаагүй байсан агаад эх сурвалжуудаас авсан албан бус мэдээллээр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан, өдгөө тус яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирлаар ажиллаж буй Ч.Батсансар, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тэргүүтэй 13 хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон аж.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.