Б.Цэцэгсайхан: Бичил биетний тэсвэржилтийн асуудал дэлхий нийтийн өмнө хурцаар тавигдаж байна

2021-11-18 09:20:00

Монголчууд ямар нэгэн өвчин тусахаараа хурдан эдгэрэхийн тулд  антибиотик (нянгийн эсрэг эм) хэрэглэх нь түгээмэл. Тэгвэл дэлхий дахинд өвчин үүсгэгч нянгууд жил ирэх тусам эмэнд тэсвэртэй болж байна. Иймд дэлхий нийтээрээ “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж, дэлхийн олон улс оронд уриалга дэвшүүлэн ажиллаж эхэлсэн. Энэ тухай мэдээлэл өгөхөөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхантай ярилцлаа.

 

“Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх дэлхийн долоо хоног” тохиож байна. Энэ тухай уншигчдад танилцуулна уу?

НҮБ-ын  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагаас “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх дэлхийн долоо хоног”-ийг  11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Учир нь сүүлийн жилүүдэд бичил биетний тэсвэржилтээс шалтгаалан нян, вирус, мөөгөнцөр, шимэгчээр үүсгэгдсэн  халдварыг  эмчлэхэд улам бэрхшээлтэй болж өвчний тархалт нэмэгдэх, өвчин хүндэрч улмаар амь насанд аюул тулгарах нөхцлүүд бий болж байна. 2019 онд ДЭМБ-аас бичил биетний тэсвэржилт нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан 10 асуудлын нэг гэдгийг онцолсон. Иймд  дэлхий дахинд энэ тулгамдсан асуудалд анхаарал хандуулах зорилготой “Мэдлэгийг түгээе, тэсвэржилтийг зогсооё” уриан дор тэмдэглэж байна.

 

Бичил биетний тэсвэржилт гэж юу вэ?

-Энэ нь тухайн өвчнийг үүсгэгч нян, вирус, мөөгөнцөр нь эмэндээ тэсвэртэй болсоны улмаас өвчин эдгэхгүй түвшинд хүрэхийг хэлж байгаа ойлголт юм. Нянгийн эсрэг эмийг зохисгүй хэрэглэсний улмаас тэсвэржилтийн түвшин дэлхийн хэмжээнд улам бүр нэмэгдэж байна. ДЭМБ-аас хүний эмчилгээнд хэрэглэгдэж буй антибиотикийн хэрэглээний 50 орчим хувь нь шаардлагагүй хэрэглээ гэж үзэж байгаа. Тэсвэржилт үүсгэж байгаа том шалтгаан нь зохисгүй хэрэглээ байдаг. Ийм учраас антибиотикийн хэрэглээтэй холбоотой нянгийн тэсвэржилтийн асуудал дэлхий нийтийн хувьд хурцаар тавигдсаар ирсэн. Энэ эрчээрээ явбал 2050 он гэхэд жил тутамд нянгийн тэсвэржилтээс болж дэлхийн хэмжээнд 10 сая хүн амь насаа алдах урьдчилсан тооцоо байдаг. Шинэ эм бүтээхэд маш олон жилийн хугацаа шаарддаг. Тийм болохоор эмчилгээний практикт байгаа цөөхөн хэдэн антибиотикийн эмүүдэд нянгууд тэсвэртэй болчихвол бидэнд хэрэглэх антибиотикийн сонголт байхгүй болж эмчилгээний чанарт нөлөөлнө гэсэн үг. Түүнчлэн нянгаас гадна зарим төрлийн вирус, мөөгөнцрийн хувьд эмэнд тэсвэртэй болох явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тул энэ жил илүү өргөн хүрээг хамруулж бичил биетний тэсвэржилтийн асуудлыг хөндөж байна.

Тэгэхээр иргэдийн антибиотикийн хэрэглээний зүй зохистой байдал чухал юм байна. Ер нь манай улсын хувьд энэ хэрэглээ хэр их байна вэ?

 

- Манай орны хувьд бусад улс оронтой харьцуулахад антибиотикийн хэрэглээ өндөрт ордог. 2019 онд ДЭМБ-тай хамтран хийсэн Монгол улсын антибиотикийн хэрэглээний судалгаагаар антибиотикийн хэрэглээ 1000 хүн ам тутамд тооцоход 50.68 байсан. Энэ үзүүлэлт нь 2015 оныхтой харьцуулахад 21.3%-аар буурсан боловч бусад улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт хэвээрээ байна. Эмийн нэр төрлөөр нь авч үзвэл амоксациллин болон амоксациллин/клавулоны хүчлийн хэрэглээ хамгийн өндөр байсан.

 

Манай улсын хувьд хэчнээн төрлийн антибиотик эмийг хэрэглэж байна вэ?

-2021 оны 11 дүгээр сарын байдлаар манай улсад 4232 эм бүртгэлтэй байгаа бөгөөд түүний 471 нь буюу 11 хувийг антибиотик эзэлж байна. Үүнээс 31 нь дотоодын үйлдвэрийн, 440 нэр төрөл нь импортын эм эзэлж байна.

 

Эмийг импортоор оруулж ирэхдээ ямар шалгуур тавьдаг вэ?

- Манай улсад орж ирж байгаа импортын эм нь үйлдвэрлэгч улсынхаа эмийн бүртгэлд бүртгэгдээд, тухайн орны зах зээлд гурваас доошгүй жил хэрэглэсэн, 5-аас доошгүй улсад бүртгэгдсэн, мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, эмийн хяналтын хатуу зохицуулалттай улсад бүртгэгдсэн, лабораторийн шинжилгээгээр чанар аюулгүй байдал нь батлагдсан байх гэсэн шалгуурт нийцсэн байх шаардлагатай байдаг.

 

Антибиотикийн хэрэглээг зохицуулахад иргэн хүн ямар үүрэгтэй вэ?

- Иргэдийн дунд нянгийн тэсвэржилтийн хор уршиг, түүний сөрөг үр дагаврын талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх  нь маш чухал юм. Иргэд зөвхөн антибиотикоос гадна, вирусийн эсрэг эмийг эмчийн зааврын дагуу жороор авч, тохирсон цагт, зөв тунгаар, зөв хэрэглэж чадсанаар бичил биетний тэсвэржилтээс сэргийлж чадна. Ер нь бичил биетний эсрэг эмийг зохистой хэрэглээг хангахын тулд иргэд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамтран хичээх шаардлагатай юм.

 

Антибиотикийн хэрэглээний талаар төрөөс ямар бодлого баримталдаг вэ?

-Монгол Улсын хувьд антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх,  нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратегийг 2013-2017 онд хэрэгжүүлсэн. “Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө” 2017-2020 онд хэрэгжсэн бөгөөд одоогоор хэрэгжилтийн үнэлгээ хийгдэж байна.  Түүнчлэн “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д Эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэж байгаа антибиотикт нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, хянах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, зах зээлд гарсан эмийн чанар, аюулгүй байдлын тандалт судалгааг тогтмол хийх, клиникийн эмзүйн тусламжийг сайжруулах, эмийн аюулгүй байдлын цахим бүртгэл, хяналтыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг олон улсын түвшинд хүргэж уламжлалт эм, импортыг орлох зайлшгүй шаардлагатай эмийн үйлдвэрлэл, экспортыг дэмжих зэрэг чиглэлүүдийг баримтлан ажиллахаар тусгагдсан байдаг.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.