Хөгийн боловсролын системийн буруутнууд

2024-05-28 14:32:00

Нийгэмд шүгэл үлэгч нарыг нэг хэсэг нь алдаршуулж, нөгөө хэсэг нь адалдаг. Энэ ёсоор саяхан “хөгийн боловсролын системтэй 12 жил ээ амжилттай төгссөнд баяр хүргэе” гэж зоригтой дуугарч чадсан охиныг адалж эхэллээ. Адалж байгаа нь  муу ч сайн ч сургаж хөгжүүлсэн багш нарынхаа өмнөөс том дуугарлаа гэх шалтгаан. Гэхдээ энэ охины хэлсэн хөгийн боловсролын системд багш нар ч мөн өртсөн тул 12 жил амжилттай сургаж хүмүүжүүлж, өөртөө байгаа нөөцөө шавхаж байгаа багш нартаа бас давхар баяр хүргэе. Харин энэ хөгийн боловсролын системийг бүтээж энэ хүртэл гацаасан одоогийн боловсролын сайд болон үе үеийн сайд нарыг энд цовдлох ёстой.

2008-2012 он Ёндонгийн Отгонбаяр

Ё.Отгонбаяр сайдын үед Монгол Улс 12 жилийн дунд сургуулийн тогтолцоонд бүрэн шилжсэн. Ё.Отгонбаяр сайдын бүрэн эрхийнхээ хугацааны туршид ярьсан Кембрижийн хөтөлбөр нь одоо ч хэл ам дагуулаастай. Хаана яаж хэрэгжиж буй нь тодорхойгүй. Кембрижийн стандарт анхнаасаа л цөөн сургууль дээр, алсын хараа муутай хэрэгжиж эхэлсэн учраас өнөөдөр ч улам бүр газар авч буй боловсролын хүртээмж, тэгш бус байдлыг билэг тэмдэг болчхоод байна.

2012-2016 он Лувсаннямын Гантөмөр

Отгонбаярын халааг авч бөөн шинэчлэл, шийдэл ярьж байсан хүн бол одоогийн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр.  Лу.Гантөмөр Кембрижийн тогтолцоог шууд нутагшуулах биш үндэсний онцлогтой “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж өмнөх сайдынхаа бодлогоос бага зэрэг зөрж байв. Ингээд тэр 2016 оноос “Ахлах сургуулийн сургалтын цөм хөтөлбөр” буюу ахлах ангийн хүүхдүүд ирээдүйн мэргэжлээсээ шалтгаалан хичээлээ сонгодог олон улсын чиг хандлагыг тусгасан хөтөлбөр туршилтаар хэрэгжиж эхэлсэн.  Гэхдээ энэ хөтөлбөрийн хэмжээнд зарим хичээлийн агуулгууд танагдаж зарим нь бүр ор сураггүй хаягдаж байлаа. Жишээ нь дунд сургуулийн уран зохиолын хичээлийн агуулга танагдсан нь одоо ч шүүмжлүүлсээр байгаа.

2016-2017 он Жамьянсүрэнгийн Батсуурь

Батсуурь сайд өмнөх сайдын ахлах ангийн хүүхдүүд ирээдүйн мэргэжлээсээ шалтгаалан хичээл сонгодог болох шийдлийг, “Бэлтгэл хангагдаагүй, сурах бичиг нь зохиогдоогүй гэх мэт шалтгаанаар боломжгүй зүйл” хэмээн зогсоож байлаа.  Туршиж, хэрэгжүүлж эхлээд дөнгөж нэг жил өнгөрч байсан  үе.

Өмнөх сайдуудын хэрэгжүүлж байсан стандарт Ж.Батсуурь сайдын стандартад нийцээгүй учир , бүгд буруу гэсэн муйхар хандлагаар өөрчилж багш болон сурагчдыг төөрөгдүүлж байв.

2017.06 сараас 09 сар Гэлэгпилийн Чулуунбаатар

Боловсролын шинэчлэл хийх дуртайдаа ч биш зүгээр ч засаг солигдох, улстөрийн хар шуургад хүүхдүүд багш нар өртөж 3 сар Чулуунбаатар хэмээх философийн ухааны доктор сайдтай байж үзэв. Тэрээр үр дүнд суурилсан үнэлгээний стандарттай болох чиглэлээр дорвитой шинэчлэл хийхээ мэдэгдэж байсан. Харин одоо энэ үнэлгээний систем хамгийн их асуудал стресс дагуулж буй асуудал боллоо. Багшаа ч , сурагчаа ч зөв үнэлж, хөгжүүлж чадахгүй байсаар түүний албан ёсны 3 сарын хугацаа дуусгавар болов.

2017-2019 он Цэдэнбалын Цогзолмаа

Ц.Цогзолмааг сайд болоход багш нар ажил хаялт зарлаж угтав. Тэрээр ажил хаялтыг зогсоохдоо багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарна, цалин хангамжийг нэмэгдүүлнэ ажлын ачааллыг бууруулна хэмээж байсан ч одоог хүртэл багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьсаар л байна.

Түүний боловсролын салбарт хийсэн нэгэн шинэчлэл нь ЭЕШ-ийн материалыг хурдан шуурхай засдаг болж хүлээлтийг арилгасан явдал. Мөн сургуулиудын босго оноог нэмэгдүүлэх санал гаргаж байлаа.

2019-2020 он Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

Ё.Баатарбилэг сайдын үед Ковид 19 цар тахал дэгдэж боловсролын салбар бүхэлдээ цахимд шилжив. телевизүүдийн холбоотой хамтран зохион байгуулсаар өнөөдрийг хүрч байна. Үүний хүрээнд сурагчдын дунд уралдаан тэмцээн зарлахыг хориглож, улсын шалгалтыг болиулах, ЭЕШ-ийг хойшлуулах зэрэг олон шинэ шийдвэр гарч бас л хэсэг будилав. Тэрээр харин өмнөх сайдуудынхаа ажлын өөрийн ажилтайгаа уялдуулж ажиллаж байсан ганц сайд гэж хэлж болохоор.    Лу Гантмөрийн суурийг тавьсан “Цөм” хөтөлбөрийг дэмжиж  агуулгад өөрчлөлт оруулж, үр дүнд нь багш сурагчдад очих ачааллыг мэдэгдэхүйц хөнгөлж байв.

Ц.Цогзолмаа сайдын үеэс эхлүүлсэн “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2030” баримт бичиг АХБ болон Японы элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Ё.Баатарбилэгийн үед боловсруулагдаж дууссан. Мөн 3 ээлжээр хичээллэдэг байсан тогтолцоог бараг л халав.

2020-2021 он Лхагвын Цэдэвсүрэн

Боловсролын яаманд тасралтгүй ажилласан Л.Цэдэвсүрэн 2020 онд Боловсролын сайдаар томилогдсон хагас жил гаруй ажиллав. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чанарыг 60 хувь буюу ядаж “D” дүнтэй болох зорилт тавьсан.

Үүнээс өөр хийсэн зүйлгүйгээр өмнөх сайдуудын ажлыг дэмжиж ахиулж байлаа. Түүний эцэслэн хийсэн ажлуудаас онцлох  сувилагч мэргэжлээр суралцаж буй хүүхдүүд төлбөртөө санаа зовохгүй болсон.

2021-2024он Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

2016 оноос хойш 4 жилийн бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажиллаж буй сайд бол Л.Энх-Амгалан. Тэрээр сайд болмогцоо Боловсрол, Шинжлэх ухааны байгууллагуудын санхүүжилтийн асуудалд шүүмжлэлтэй хандаж, Багш нарын ур чадварын нэмэгдлийн тухай гурван ХНХЯ, БШУЯ, Сангийн яамны 3 сайдын хамтарсан журам баталсан. Энэ нь бүх түвшний суралцагчдаас түүврийн аргаар сонгож шалгалт аваад түүнээс гарсан дүнгээр багшийг дүгнэж нэмэгдэл олгох эсэхээ шийддэг систем. Харин энэ шийдвэрт багш нар үнэхээр дургүй.

Ингээд харахаар өнгөрсөн  хугацаанд сайдаар томилогдсон хүмүүсийн боловсролын салбарт нэг ажлыг тал талаас нь мөлжиж арай дөнгүүр хийсэн нь ЦӨМ хөтөлбөр. Бусдаар бол нэг нь нөгөөгөө үгүйсгэж ажил болголгүй хаясаар дунд нь хүүхэд багш нар төөрсөөр 12 жилийг барж байгаа нь үнэн. Ийнхүү өнөөг хүртэл багшлах боловсон хүчнээ ч муу бэлддэг, цалин хангамж муутай нийгмийн баталгаагүй, баримталдаг бодлого шийдвэргүй, шинэчлэл үгүй боловсролын салбар одоо уналт руугаа явж байна. Улиг болсон хөтөлбөр сургалт, тохижилт муутай анги танхимаас чинь шинэ үеийн технологийн үеийн хүүхдүүд залхаж байна. Ядаж л тэдэнд химийн хичээл дээрээ туршилт хийх зориулалтын анги танхим хэрэгтэй байна. Монгол улс ялгаатай боловсролын системтэй нь үнэн. Мөнгөтэй хүн хүүхэддээ сайн сургуульд сайхан орчинд сургаж чадна мөнгөгүй бол хөгийн боловсролын системтэй арай ядан 12 жил тэмцэж байж төгсөнө. Атал боловсрол гэдэг нээлттэй, эрх тэгш байх ёстой. Бүгд нэг гараанаас хөдөлж байж шударга зарчим үйлчилнэ.

 

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.